Зуны зугаатай цаг ирэх хүртэл тасралтгүй хөдөлмөрлөж, суралцаж, ажиллаж энд ирсэн танд баяр хүргэе. Та бол урт удаан ажлын ачаалал, стресстэй өдрүүд, хүнд сорилуудын дараа толгойгоо амрааж, тархиа сэргээх эрхтэй хүн. Тэгвэл таны зуны амралтыг хөгжилтэй дурсамжаар халгиж бялхуулах зөвлөмжийг хүргэж байна. Туршаад үзээрэй.
Зуны амралтаараа ямар ямар шинэ зүйл хийж болох талаар
Аялалд гарах-Аялал бидний нүдийг нээж, өөр ертөнц, өөр өнцөг, өөр өнгийг санал болгодог. Цоо шинэ адал явдал бидэнд бүтэн жилийн турш эрч хүчтэй-бүтээмж дүүрэн ажиллах урам зоригийг өгдөг билээ.
Өглөө эрт босох- Зуны халуун өдрүүдээр дээрээс нар шараад бие ч нозоорч орноосоо босох улам л зүдэргээтэй болдог нь сонин биш. Гэхдээ өдрийг аль болох эрт эхлүүлж, хожсон цагаа илүү бүтээмжтэй өнгөрүүлэх нь таны амралтыг илүү урт бас сонирхолтой болгох боломжтой.
Шинэ хүмүүстэй танилцах- Ажлаас ажлын хооронд, хичээлээс хичээлийн хооронд цагаа үрж буй, нэг дор зогсчихоод байх шиг санагдах үед шинэ хамт олон, шинэ хүрээлэл дунд орох нь таныг сэргээж, илүү бүтээмжтэй болоход тусладаг.
Ном унших- Чөлөөт цагаараа, ялангуяа зуны амралтаар ном унших шиг кайфтай зүйл бараг үгүй байх. Гадаа халуун нар шарах эсвэл тасралтгүй бороо цутгах үед халуун кофе-цай хажуудаа тавьчихаад дуртай номоо дэлгээд суух шиг жаргал байхгүй.
Шинэ зүйл туршиж үзэх- Шүхрээр буух, гольф тоглож сурах, шинэ бялуу туршиж үзэх зэрэг "хөгжилтэй" үйлүүдийг яг одоо л хийхгүй бол хэзээ хийнэ гэж? Санаа нийлэх андуудыгаа уруу татаж, хамтдаа туршиж үзвэл мартагдашгүй амралт болохгүй гэж үү?
Цахим хичээлд суух -Цахим хичээл бол таныг мэргэжлийн болон хувь хүний үүднээсээ өөрийгөө хөгжүүлэх боломж олгох хамгийн тохиромжтой сонголт. Дэлхийн топ сургуулиудын хөтөлбөрөөс сонголтоо хийж, хамгийн шилдэг багш нарын хичээлийг цаг гарган сонсох нь танд олон давуу талыг олгох болно. Дээрээс нь өөрийгөө сорьж, орон орны олон найзуудтай болох ч боломж олгодог. Яагаад аз жаргалын онолын тухай эсвэл Хятадын түүхийн талаар хичээл үзэж болохгүй гэж? Сонирхлыг тань татах олон хичээл, олон сэдэв ихэнх нь үнэгүй онлайн орчинд байна. Програмын хэл анхаарлыг тань татсаар удаж буй бол, шинэ хэл сурна даа гэж өөрийгөө хуурсаар овоо удсан бол одоо л эхлэх цаг. Сатаарах зүйл багатай амралтын үеэрээ цахим хичээлд цаг гаргаад дадчихвал дараа нь ихэд нэмэртэй гэдгийг хувийн туршлагаасаа зөвлөж байгаа юм шүү.