Уураглаг хүнс хэрэглэснээр хоолны дуршил 60% багасч, бодисын солилцоо өдөрт 80-100 ккал илчлэг илүү шатаадаг

Уураг, нүүрс ус, өөх тос нь хүний биеийн амьд байхад шаардагдах энергийг бий болгох зайлшгүй шаардлагатай химийн нэгдлүүд юм.Үүний дараагаар эрдэс бодис, витамин орно. Эдгээр бодисуудыг өдөр бүр хоол хүнснээсээ авах нь таны эрүүл байхтай шууд хамааралтай юм. Тиймээс дээр дурдсан хүний биед чухал хэрэгцээтэй бодисууд дотроос энэ удаад уургийг онцловол: Уураг нь 20 гаруй амин хүчил агуулсан шимт бодис бөгөөд хүний биеийн эд эс, эртхэн системийн үндсэн бүрэлдэхүүн болох булчин, яс, арьс, үс зэргийг бүрдүүлдэг үндсэн нэгж нь болоод зогсохгүй цусны бүрэлдэхүүн, гормон, дархлааны систем, удамшил зэрэгт ихээхэн нөлөөлдөг. Бас нэг онцлог гэвэл уураг нь бүрэн задран боловсордог бөгөөд биед хэрэгцээгүй хэсэг нь бүрэн гадагшилдаг.  Өөрөөр хэлбэл илүүдэл уураг нь өөх тос болон хуримтлагддагүй гэсэн үг юм.

Уураг нь хүний биед дараах үүргийг гүйцэтгэнэ

Уураг хүний бие махбодийн эд эсийг нөхөн сэргээх, булчин бүрдүүлэх, биеийн илч үүсгэх, бодисын солилцоог зохицуулах, биохимийн урвалыг хурдасгах зэрэг чухал үүргүүдийг гүйцэтгэдэг.

-  Шинэ эд эс үүсэх, эсийн үйл ажиллагааг сайжруулна

-  Нөхөн сэргээх үйл явцад идэвхтэй оролцох. Уураг нь ердийн эсийн хуваагдлын үндэс болдог.

-  Метаболизмд идэвхтэй оролцдог. Үүний үр дүнд мэдрэлийн системд асар их нөлөө үзүүлдэг.

-  Биеийн өсөлт, хөгжилт нөхөн сэргээлтийг дэмжнэ

-  Алдагдсан амин хүчлийг нөхнө

-  Вирус, нянг устгах, халдварын эсрэг үйлчилгээтэй

-  Хоол тэжээлээ хасах, жин хасах үед булчингийн эсүүдийг тэжээн хадгална

-  Хүний бие дэх нүүрс ус дутагдсан үед энергийн эх үүсвэр болно

-  Дархлалын тогтолцоог идэвхтэй байлгана

-  Бие дэх шингэний тэнцвэртэй байдлыг хангах

Уургийн зохистой хэрэглээ

Насанд хүрсэн хүний биеийн 60-70 хувийг ус эзлэдэг. Түүний дараагаар уураг болон амин хүчил нь 15-20 орчим хувийг эзлэдэг. Өдөрт хүний биед хэрэгтэй уургийн хэмжээ нь ойролцоогоор биеийн жингийн мянганы нэгтэй тэнцүү байх хэрэгтэй. Хүн өдөрт хүнс болон нэмэлтээр биеийн жингийн 1кг тутамд 0,5-0,8 гр уураг авах шаардлагатай бол спорт, фитнессээр хичээллэдэг тамирчдын хувьд 1,5-1,8 гр уураг авч байж дасгалаар алдсан уургаа нөхөн эрүүл, ядрахгүй, эрч хүчтэй ажиллана. Тэгэхээр дунджаар 65 кг жинтэй хүн өдөрт спортоор хичээллэдэг бол 95-120 гр уураг, энгийн хүн 32-52 гр уураг авах шаардлагатай.

Хүн хоёр цаг тутам мах идээд байж чадахгүй учраас суплемент буюу нэмэлт уураг хэрэглэдэг. Хүний бие нэг удаагийн хоолноос 25-30 грамм уураг авч чаддаг гэж үзвэл үлдсэнийг нь нэмэлтээр авах ёстой. Нэмэлтээр уураг авах нь ходоодонд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.Уураг булчингийн массыг томруулах, биеийг эрч хүчтэй байлгах, эрүүл чийрэг байхад тустай. Харин тунг хэтрүүлэвэл элэг, цөс, бөөр, ходоодыг хордуулна. Улмаар нүүрээр юм гарах зэрэг сөрөг нөлөөллүүд бий болно.

Уургийн дутагдалд орсноор илрэх шинж тэмдэг

Өдөрт авах ёстой уургаа хэмжээнд нь аваагүйн улмаас уургийн дутагдалд ордог. Уураг дутагдсанаар оюуны болон биеийн хөгжил удааширдаг ба цус багадаж, бодисын солилцоонд өөрчлөлт орж биеийн эсэргүүцэл муудан элдэв өвчнөөр өвдөж, амархан хүндрэх сөрөг нөлөөтэй.

1.  Булчин сулрах

Энгийнээр хэлбэл уураг нь булчинг ажиллуулдаг түлш юм. Хангалттай уураг таны биед байхгүй үед булчин суларч, өвддөг байна. Мөн булчин сулрах нь биед төмөр, кальци зэрэг амин дэмүүд дутагдаж байгааг илэрхийлнэ.

2.  Уураг нь тархины үйл ажиллагааг “хариуцдаг”

Толгой эргэх, ядрах, ой санамж бүдгэрэх, анхаарал сулрах, сэтгэн бодох болон цээжлэх чадвар буурах, хараа муудаж нүд бүрэлзэх гэх мэт шинж тэмдгүүд нь бие организмд уураг дутагдаж буйтай холбоотой. Учир нь уураг нь мэдрэлийн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Аминохүчлийн синтез нь дофамин, серотонины ялгаруулалтанд нөлөөлдөг. Энэхүү химийн бодисууд нь эрч хүч, ой санамж, аз жаргалыг мэдрэх ажлыг хариуцдаг байна. Хэрэв биед дутагдаж буй уургийг яаралтай нөхөхгүй бол дээрх шинж тэмдэг улам хүндрэхээс гадна сэтгэл гутралд хүргэдэг байна.

3.  Үс унах

Уураг буюу "кератин" дутагдсанаар, үсний эрүүл мэнд асуудалд ордог байна. Энэхүү уураг нь үсний уутанцрыг бөглөдөг бөгөөд ингэснээр тослог чанарыг бага ялгаруулж, үсийг тослогтохоос сэргийлдэг аж. Мөн үсийг богино хугацаанд ургуулах ач тустай юм. Харин бие организмд уураг дутагдаж эхэлснээр, үр дүнд нь үс унах үндэс болдог байна.

4.  Жин нэмэх

Уургийн дутагдал нь биднийг амттан руу татан, бие махбодийг нүүрс-ус болон өөх тосны хуримтлалд хүргэдэг. Амттанд хэт их хэмжээгээр дурлах нь уургаар баялаг хоол хүнс хангалттай идэхгүй байгаатай холбоотой. Уургаар баялаг хоол хүнс нь ходоод гэдсийг амархан цатгаж, хэт их идэхээс сэргийлнэ. Ингэснээр та жингээ барьж, таргалахгүй байх боломжтой юм.

5.  Дархлаа муудах

Уураг нь дархлааны системийг сайжруулж, өвчин зовлон тусахаас сэргийлдэг. Өөрөөр хэлбэл, цусны эсийг төлжүүлж, "интерлейкин" болон "цитокин" гэсэн дархлааны системд сайн нөлөө үзүүлдэг молекулуудыг идэвхижүүлдэг байна.

6.  Нойргүйдэх

Сайн унтаж, амарч чадахгүй байгаа нь уураг дутагдсанаар цусанд үүсэх сахарын хэт их хэмжээтэй холбоотой бөгөөд 2016 онд хийсэн эрдэмтдийн судалгаагаар уураг, шим тэжээлээр баялаг хоол хүнс идэх нь бөх гэгч нь унтаж амрахад сайнаар нөлөөлдөг болохыг олж тогтоосон байна. Мөн унтахын өмнө уургаар баялаг хоол хүнс идвэл, "триптофан" болон "серотонин" даавруудыг ялгаруулах болон цусан дахь "глюкоз"-ын хэмжээг зохицуулахад тусалдаг байна.  

7.  Хумс хэврэг болох

Хэрэв таны хумс хэврэг болоод байвал, энэ нь биед уураг дутагдаж буйг илтгэдэг байна. Хумс нь "кератин" гэх уургаар хамгаалагдсан давхарга юм. Иймд хумсаа улам бэхжүүлэхийн тулд уургаар баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Эс бөгөөс хумс шинээр төлжиж. ургах үйл явц удааширч, хумсан дээр цагаан өнгийн толбонууд үүсэх нь бий.

8.  Амархан бэртэх

Уураг нь кальцийг шимэгдүүлэх үүргийг гүйцэтгэнэ. Уураг дутагдахаар яс, булчин хэврэгшин, та өчүүхэн ч гэсэн зүйлд их бага хэмжээгээр бэртэх, тэр ч бүү хэл ясны сийрэгжилт болох магадлалтай.

Уураг нөхөх хүнс

Уураглаг хүнс хэрэглэснээр таны хоолны дуршил 60% багасч, бодисын солилцоо өдөрт 80-100 ккал илчлэг илүү шатааж, өдөрт дунджаар 440 хүртэл ккал бага хоол хүнс идэх болно. Өдөрт авах илчлэгийн 25-30%-ийг уураглаг хүнснээс авах нь хамгийн үр дүнтэй. Өндөг, загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, шош, самар, мах, сүү сүүн бүтээгдэхүүн болон зарим бүхэл үрийн бүтээгдэхүүнд сайн чанарын уураг ихээр агуулагддаг.

Ургамлын гаралтай уураг: буурцаг, төмс, шош, самар, будаа, дүүпүү

Амьтны гаралтай уураг: үхрийн мах, тахианы мах, загас, өндөг, сүү сүүн бүтээгдэхүүн. Тэр дундаа аарц. Аарц нь уургаар баялаг хүнс. Махнаас ч өндөр уураг агуулдаг хүнс юм.