Сэтгэл гутралын шинж тэмдэг ихэнхдээ бүгдийг үгүйсгэхээс эхэлдэг

Таныг тойрон хүрээлж буй бүхий л зүйл бухимдал төрүүлж байна уу? Ажил дээрээ ууртай, гэртээ хариад уцаартай. Нийгэмд болж бүтэж байгаа ганц ч зүйл үгүй мэт санагдаж байвал та стресст өртсөн байж магадгүй. Сэтгэл гутрал ихэнхдээ бүгдийг үгүйсгэхээс эхэлдэг. Харин энэ нь даамжирвал амьдрал нь утгагүй болж, бүгд түүний эсрэг байгаа мэт сэтгэгдэл төрнө. Нэг ёсондоо сэтгэцэд өөрчлөлт ордог байна.Энэ үед тухайн гутралд орсон хүний адреналин маш ихээр ялгарч улмаар амиа хорлоход хүргэдэг" хэмээн үзэж байгаа юм.Тиймээс стресс тайлах энгийн аргуудыг өөртөө хийж сурах нь таныг олон таагүй зүйлсээс аврах болно. Хамгийн энгийн хоёр арга нь юун түрүүнд танд сөрөг мэдрэмж төрүүлж буй тэр зүйлсийг бусадтай хуваалцаж, ярилцаж, дотоод сэтгэлээсээ гадагшлуулах явдал юм. Стресст өртөх магадлал өндөр хүмүүс гэж байдаг. Биологийн хэв шинж талаас нь аваад үзэх юм бол гол төлөв дуу султай, амьдралын идэвхи багатай, гутранги үзэлтэй хүмүүс стресст өртөх магадлал өндөр байдаг. Мөн огцом, түрэмгий зан авиртай хүмүүс бусдаас илүү их стресст өртдөг. Харин сэтгэцийн хэв шинжээр авч үзэх юм бол хэт мэдрэмтгий, санаа зовомтгой, сэжигч, аливаад чинь сэтгэлээсээ ханддаг, ажил хийвэл дуустал хийдэг, юмны нарийн учрыг нь олох гэж хичээдэг хүмүүс стресстэх магадлал өндөр байдаг.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэргэжлийн сэтгэлзүйчийн стрресс тайлах дараах зөвлөмжүүдийг хүргэсэн байна.

Ажлаа зөв хуваарил –Ажлаа өдөр, долоо хоног, сар, улирал, жилээр төлөвлө. Төлөвлөгөөнд ороогүй буюу шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд хүнд “үгүй” гэж хэлж сур.

Инээмсэглэ-Сайхан инээмсэглэл сэтгэл сэргээгч эм юм. Өглөө бүр ургах нар руу инээмсэглэн хар. Та хошин шогийн мэдрэмж сайтай бол сэтгэл бухимдалд орох нь ховор.

Өөрөө, өөртөө тушаал өгөх арга-Өөрийгөө ялах, бэрхшээлийг даван туулах, өөрийгөө зоригжуулах, өөрөө санаачлага гаргах, өөрийгөө захирах удирдах

Өөрөө, өөрийгөө ятгах-Би тайван байна. Надад сэтгэл зовних зүйл алга би чадна. Би өөртөө итгэж байна. Үүнийг уучлах ёстой, үүнд миний буруу ч бий. Бүх юм сайхан болно.

Ухаарлаар бухимдлаа тайлах арга-Ялангуяа хүн хоорондын болон хувь хүний дотоод будлианы үед илүү дүнтэй. Тухайн нөхцөл байдлын сайн, муу талуудыг ухаалгаар эрэгцүүлэн бодох, өөртөө шүүмжлэлтэй хандах.

Өөрийгөө олж хар-Та өөрийнхөө бусдаас илүүтэй, давуу талыг олж мэдэр, өөрийгөө ямагт сайхнаар төсөөлөн бод.

Сөрөг бодлоо ангижир-Өөрийн зан авир, бодол, мэдрэмжийн талаар өөртэйгээ дотно ярилц. Ямар нэг сөрөг бодол агуулж байвал айдас, сэтгэл гутралд өртөмтгий байдаг.

Амьдралын хэмээ зөв тохируул-Амьдралдаа нэг дор олон өөрчлөлт хийхээс зайлсхий. Өөртөө бүү хатуу ханд. Өөрөөсөө хэтэрхий ихийг бүү шаард. Уян хатан байж сур. 

Сэтгэлийн дарамтаас чөлөөлөх Асатианийн арга-Хувь хүн өөртөө тохиолдсон сэтгэл түгшээсэн үйл явдал, таагүй мэдрэмж, үхэл хагацалд, осол сүйрэл, гай гамшиг зэрэг үйл явдлуудыг одоо болж буй мэтээр дүрслэн бодож, дурсан санаж бусдад дүрслэн ярьж сэтгэлээ ариусга.

Сэтгэлийн дарамтаас чөлөөлөх Катарсисын арга-Өөрт тулгамдсан асуудлууд, үүсч байгаа тааламжгүй мэдрэмж, тааламжгүй бодлоо найз нөхөддөө, гэр бүл, эмч болон бусад ойр дотны хүмүүст илэн далангүй илэрхийлэх.

Магтаалын үг хэлэх, сонсох –Сэтгэл гэдэг эрхтэн өвддөг, шаналдаг, хугардаг, бас баярладаг. Сэтгэлийг баярлуулдаг, стресс тайлах хамгийн том зэвсэг бол магтаал. Өглөө босоод урмын үг сонссон хүн бүтэн өдрийг туулах хүчтэй болдог. Хааяа ч гэсэн өөрийгөө магтаж, гамнаж, хайрлаж байх хэрэгтэй.

Өөрчлөлт, шинэчлэлт стресс тайлах эм-Нэгэн хэвийн байдлаас салж өөрчлөлт хийх хэрэгтэй. Үсээ тайруулах, ажлын ширээгээ солих, шинэ хувцас худалдаж авах, уруулын будгаа өөрчлөх гэх мэтээр сэтгэлзүйдээ шинэ зүйлийг мэдрүүлж байх хэрэгтэй.

Өөрийгөө баярлуулах-Амрах, дэлгүүр хэсэх, хамт олонтойгоо салхинд гарах, караокед орох, спортоор хичээллэх, бүжгийн клубт явах гэх мэтээр өөрийнхөө дуртай зүйлийг хийх хэрэгтэй. Ямар зүйлээс хамгийн их сэтгэл ханамж авдаг гэдгээ бодоод түүнийгээ хийгээд үзээрэй.

Дасгал-Ажил дээрээ хэт их бухимдалтай, стресстэх үедээ гурван секунд амьсгаагаа хүчтэй аваад, гурван секунд түгжээд, гурван секунд буцаагаад гаргах дасгалыг хийгээд үзээрэй. Дасгалыг хийх явцдаа цээж дүүрэн амьсгалж, гаргахдаа бүх амьсгаагаа гаргах хэрэгтэй.