Кофены соёл

Заримдаа кофе шоп руу алхаж ороод цэсэн дээрх нүд эрээлжлэм олон кофены төрлүүдийг хараад толгой эргэх нь бий. Латте, Au lait хоёр юугаараа ялгаатай юм бэ? Каппучино Американо хоёр төстэй биш гэж үү? Бидний бэлтгэсэн мэдээллээс та кофены төрлүүдийн талаар мэдэж авах болно.

Aмерикано: Нэг шот эспрессон дээр ойролцоогоор 220 грамм халуун ус хийсэн кофе. Энэ нь хольцгүй эспрессо ууж чаддаггүй хүмүүст зориулагдсан.

Хар кофе:Буцалгасан сүүгүй кофе.

Cafe au Lait: Латтетай төстэй боловч нэг ялгаа нь эспрессогоор биш буцалгасан кофегоор найруулдаг. Энэ кофенд агуулагдах сүүний хэмжээ нь 1:1 харьцаатай байдаг учир хүчлэг амт багатай.

Cafe Breva: 10-20 хувийн тослог бүхий сүүгээр найруулсан каппучино. Энэ нь кофенд илүү тослог, зөөлөн, цөцгийрхөг амтыг оруулж өгдөг аж. Энэ кофег гэртээ найруулж үзэхээсээ өмнө өндөр тослогтой сүүг хөөсрүүлэхэд хэцүү байдаг гэдгийг санаарай.

Caffe Latte: Нэг шот эспрессон дээр хөөрүүлсэн, гэвч хөөсрүүлээгүй сүү хийсэн бол энэ нь латте. Сүү, кофены харьцаа нь 3:1 байх ёстой. Гэвч латте гэдэг нь Италиар сүү гэсэн утгатай болохыг Ром руу аяллаар явах гэж байгаа бол мэдэхэд илүүдэхгүй.

Cafe Macchiato: Хөөрүүлсэн сүүтэй нэг шот эспрессо. Харин кофе болон сүүний харьцаа нь 4:1 байдгаараа латтегаас ялгаатай.

Каппучино: Ихэвчлэн ижил тэнцүү хэмжээний эспрессо, хөөрүүлсэн сүү, хөөсрүүлж сэвсгэр болгосон сүүгээр найруулдаг кофе. Cinnamon stick-ээр “хачирлах” юм уу, дээр нь нунтаг шоколад цацаж олгодог. Кофены амт нь төдий чинээ сул байдаг учраас зөөлөн амтыг таашаадаг хүмүүст тохиромжтой.

Хуурай каппучино: Хөөрүүлсэн сүүгүй, мөн хөөсрүүлсэн сүүний орц багатай каппучино.

Espresso Con Panna: Дээр нь крем тавьж олгодог нэг шот эспрессо.

Frappe: Европ болон Латин Америкчуудын дуртай ундаа. Уг гарвал нь хүйтэн эспрессог ийн нэрийддэг боловч орчин үед 1-2 халбага найруулдаг кофен дээр элсэн чихэр, ус, мөс хийж олгодог болсон. Ихэвчлэн өндөр шилэн аяганд хийдэг учир кофены милкшейк ч гэж ойлгож болох юм.

Мөстэй кофе: Мөс хийсэн жирийн кофе. Зарим кофе шопод сүү, элсэн чихэр хийж олгодог.

Найруулдаг кофе: Цаг хугацаатай уралдаж ажилладаг хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон нунтаг найруулдаг кофе. Ийм кофе нь яарч байгаа үед тус болдог хэдий ч, кофены хорхойтнууд үүнийг “жинхэнэ ундаа” гэж үздэггүй. Чанар болон амтын хувьд шинээр найруулсан кофег хэзээ ч гүйцэхгүй нь үнэн юм.

Irish кофе: Irish вискигээр амт оруулж, дээр нь цөцгийтэй крем тавьсан кофе юм. Алкогольны найрлагатай учраас хүүхдүүд уухад тохиромжгүй, гэвч энэ нь хүйтэн цаг агаартай үед томчуудыг дулаацуулах шилдэг ундаа юм.

Melya: 1 цайны халбага чихэргүй кокоа, зөгийн бал хийсэн кофе.

Mocha: Каппучино, эсвэл Латтен дээр шоколадны сиропоор амт оруулан олгодог түгээмэл нэр төрлийн ундаа юм. Илүү чихэрлэг, мөн кофены хүчлэг гашуун амт үгүй учраас моча нь каффейнд тэгтлээ ч хорхойсдоггүй хүмүүст тохирно.

Турк кофе: Үүнийг зарим газар Грек кофе ч хэмээн нэрийддэг. Нунтаг кофег устай холин сайн буцалгасны үр дүнд бий болдог өтгөвтөр, зуурмаг маягийн ундаа юм. Хүчтэй турк кофенд халбага хийхэд босоогоороо тогтдог.

Цагаан кофе: Хар кофен дээр сүү хийж олгогдоно.