Дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнд үр тариа, мах, ногоо, жимс, сүү, тос ордог

Дархлаа гэж юу вэ? Дархлаа гэдэг нь өвчин үүсгэгч бичил организм, нянгийн эсрэг тэмцэх биеийн чадвар юм. Хүний биеийн дархлааг буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусийн халдвар, ажлын хэт ачаалал зэрэг хүчин зүйлүүдээс үүдэж суларч, мууддаг байна. Дархлаагаа дэмжихийн тул хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ зөв зохистой харьцаагаар хэрэглэх шаардлагатай гэдгийг эрүүл мэндийн төвөөс анхааруулдаг. Дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнд үр тариа, мах, ногоо, жимс, сүү, тос гэсэн 6 бүлэг хүнс ордог. Эдгээр 6 бүлэг хүнсний бүтээгдэхүүнүүд нь уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис, амин дэм, ус зэрэг шим тэжээлийн бодисыг агуулж байдаг. Монгол түмэн маань эрт дээр үеэс жилийн 4 улиралд хоол хүнсээрээ дамжуулан дархлаагаа дэмжиж, зохицуулж ирсэн. Тэр дундаа хүйтэн сэрүүний улиралд уламжлалт идээ аарц, адууны мах, чацаргана жимсийг түлхүү хэрэглэж хоол хүнсээрээ дархлаагаа дэмжиж аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэнддээ анхаардаг байсан. Энэ удаа та бүхэндээ чацаргана жимсийг онцолж, түүний ач тусын талаар мэдээллийг хүргэж байна.

Уламжлалт анагаах ухаанд “Дарву” хэмээх нэрийн дор хэрэглэнэ. Исгэлэн амттай, шим тэжээл сайтай. Чацарганад тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейний зэрэг гурван хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна хүнсний гол бодис болох уураг 1.5%, тос 4-6%, С, А, Е, В-ийн төрлүүд, РР аминдэмүүд, биоидэвхит бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагддагаараа бусад бүхий л жимс ногооноос онцлог давуу талтай. Энэ утгаар нь чацарганыг цорын ганц “байгалийн поливитаминт” жимс гэж нэрлэдэг.
Чацаргана нь хоолны дуршил нэмэгдүүлэх, уушгины маш олон өвчинд үр дүнтэй. Хуурай ханиалгах, цэр ховхроогүй байгаа үед болон цус шингэлэх үйлдэлтэй. Ихэвчлэн уушгины бүгшүүлж ханиалгах, мэнгэр, өгрийн үед жимсийг дангаар буюу эмэнд хольж хэрэглэдэг. Мөн тосыг эмчилгээнд өргөн хэрэглэнэ. Ходоод гэдэсний шархлаа, атеросклероз, цус алдах, эмэгтэйчүүдийн зарим өвчнийг засахад хэрэглэнэ. Эмэгтэйчүүдийн шархлаа, хавдар, туяа эмчилгээний дараа, ходоодны шархтай үед уулгах буюу ялангуяа улаан хоолой түлэгдсэн үед тосыг хэрэглэнэ. Чацарганы жимсэнд олейнийн, стеаринын, линолын болон пальмитины хүчлийн глицеридүүдээс тогтсон тос 14-27.4%, бетта каротин 1.6-6.7 мг%, С, В1, В2, Е витаминууд, фолийн хүчил, органик хүчил, эдээлгийн бодис, сахар зэрэг агуулагдана. Цайр, манган зэсийг илүү их агуулна. Чацарганы тос нь шарх хөрсжих эдгэрэхийг түргэсгэх ба өвчин намдаах чадалтайг эм  зүйн судалгаагаар илрүүлсэн. Эмнэлзүйн практикт чацарганы тосыг цацраг туяанд гэмтсэнээс үүссэн шарх, яршил, улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл, шархлаа, эмэгтэйчүүдийн өвчин, хөлдөлт, түлэгдэлт, мэдрэлийн эмгэгээс үүссэн шарх, яршил, уушги, мөгөөрсөн хоолойн архаг үрэвслийн үед хэрэглэнэ.