Судлаачид Монгол наадам Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зуунд үүссэн гэж тодорхойлдог

Монгол наадам” бол монголчуудын бахархалт түүх, өөрсдийн бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл билээ.
Орчин цагийн судлаачид Монголын наадам Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зуунд үүссэн хэмээн тодорхойлдог. Тухайн үед морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн үздэг байж. Учир нь газар нутаг, эх орноо хамгаалахад эр хүнд энэ гурван чадвар хэрэг болох нь зайлшгүй. Тухайлбал морийг гарамгай унахын сацуу нум сум тавьж дайснаа устгана. Харин гардан байлдаанд сэлэмгүй оролцохдоо бөхийн мэх ашиглах шаардлагатай байсныг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн нь бий. Тухайн үеийн Хүннүчүүд бутархай овог аймгийн эв нэгдэл, цэргүүдийнхээ байлдааны ур чадварыг сайжруулах үүднээс наадам зохион байгуулдаг байсан бөгөөд түүнээс хойш монгол угсаатнууд эрийн гурван наадмыг зохиосоор иржээ. Ер нь зуны дэлгэр цагт ард олон нэгэн дор цуглаж дугуй хээтэй наадамдаа дурдан бүсээ шавхийтэл ороогоод ирдэг байсан нь хэдэн мянган жилээр хэмжигдэх уламжлал биз ээ. Анх 1639 оноос ийнхүү зан үйлийн цогцлол болсон эрийн гурван хийх болсны гэрч нь “даншиг наадам” юм. Тус онд Занабазарыг халхын шашны тэргүүнээр өргөмжилж наадсан аж. Ширээт цагаан нуурын энэ наадамд бөх лам барилдан түрүүлж, Бонхор Донир хэмээх хүний морь түрүүлэн ирснийг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөнхүү хамгийн том даншиг наадам Долоннуурт 1696 онд болсон бөгөөд энэ үеэс “Түмэн эх” дуу зохиогдсон нь наадмын сүлд дуу болсон түүх бий. Эрийн гурван наадмын үеэр эр хүний хүч самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих уралдаан гэсэн гурван төрлийн тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Бөх барилдах, нум сум харвах, морь уралдахдаа эртнээс уламжилсан дэг ёсыг баримталж, тусгай хувцас өмсгөл хэрэглэн, түрүүлсэн морь, бөхөд зориулж магтаал шүлэг хэлж цоллож алдаршуулдаг билээ. Басхүү түрүүлсэн хүчит бөх, мэргэн харваач, хурдан моринд цол, чимэг олгодог.

Хүчит бөх

Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас, өмсгөл юм. Монгол ардын тууль "Эрийн сайн хан харангуй"-д "буурын арьсан зодог, бухын арьсан шуудаг" гэж гарч буй нь эрт цагт зодог шуудгийг ямар нэг хүч тэнхээтэй гэгдэх амьтны арьс ширээр хийж байсныг гэрчилдэг. Барилдах бөхийн малгайг засуул нь авч нэр, алдрыг нь дуудахад тэрээр бүргэд, харцага, начин шонхор гэх мэт үлгэр домгийн шувуу хангарьдын нисэх хөдөлгөөнийг дүрслэн дэвсээр барилдах газраа очно. Дэнж хотойлгон дэвэх хүчит бөхчүүдгүйгээр монгол наадмыг төсөөлөхөд бэрх. Асар майхны хээтэй адил, алаг эрээн зодог шуудаг өмссөн хүчтэнгүүд наадмын зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хийж түмэн олон болоод төрт ёсны их баяр цэнгэл наадмаа хөгжөөдөг билээ.

Хурдан морь

Морь. Энэ үг монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хамгийн ойрхон байдаг үгсийн нэг. Их эзэн Чингис хаан хүлэг мориныхоо хүчээр уудам тал, уул, усыг туулж агтны туураар дэлхийг тамгалж “Монголын Эзэнт гүрэн”-ийг байгуулсан түүх бидэнд буй. Монголчуудын хурим найр, баяр наадмыг бүрдүүлэгч нэгэн төрөл нь хурдан морины уралдаан юм. Эрт үеэс мал аж ахуй хөдөлмөрийнх нь хамгийн гол салбар болсноор үл барам, уудам талын малчны амьдралыг хүлэг морьгүйгээр сэтгэшгүй билээ. Тиймээс ч манай улс үндэстний хувьд хурдан морины уралдаан маш эртний үүсэлтэй нь маргаангүй.  Хүлэг морьдын дотроос хамгийн хурданыг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд нас, насаар нь ялган газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Тухайлбал их насны морьдыг барагцаалбал 22-28 км, соёолон болон азаргыг 20 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10 км орчим газраас засаж бэлтгээгүй хээрийн замаар уралдуулна. Хурдан морь унах хүүхэд хөдөлгөөнд саад болохгүй, халууцахад бие барихгүй, давхихад салхи хөөрөгдөхгүй, биед тохирсон, хөнгөн авсаархан, тод өнгийн хувцас өмсөнө. Сүүлийн жилүүдэд мориноос унаж, бэртэхээс хамгаалсан хувцас хэрэглэл өмсдөг болсон билээ. Тохой зандан ташуурынхаа сурыг нь алдартал морио ороолгох жаахан хүүхдүүдийг наадамчин олон өхөөрдөж, сэргэлэн авхаалтайг нь магтан ярилцана. Гарааны зурхайгаас хүлэг морьд эргэх агшныг бахдан биширдэггүй хүн гэж үгүй. Хүүхдийн гийнгоон дуу хөндий дүүрэн уянгалж, алтан тууртнуудын тоос тэнгэр газрыг хээлэн зурахад хүн бүрийн сэтгэл хөвсөлзөж, эрийн гурван наадмын нэг худран морины уралдааныг бахдан биширч, омогшил төрнө.

Мэргэн харваа
Энэхүү тэмцээн нь нум сумаа улам боловсронгуй болгон аль болох хол зайд цэцэн мэргэн онох харваачийн эрдэм чадварыг дээшлүүлж, ан гөрөөнд их олз олохыг эрмэлзэх, ан авлаж, их олз олсны дараах бүжиг наадмын үед цэцэн мэргэн харваачдаа нум сум харвуулан цэнгэх заншлаас үүссэн байна. “Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 метр орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуут сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорилцоно. Ингэхдээ хүн нэг бүрийн цуваа байдлаар, эсвэл багийн гэсэн хоёр хэлбэрээр зохих журмыг баримтлан тодорхой тооны сум харвадаг” тухай ном сударт олонтаа өгүүлэгдсэн нь бий. XIII зууны үед гэр бүрт морин хуураас гадна нум сум байсан. Эр хүн бүр нумтай байхаас гадна эмэгтэй хүн ч гэсэн харвадаг байжээ. Монгол цэргийн түүхэнд хамгийн хол харвасан хүн бол Чингис хааны ач хүү Есүнгэний харвасан 330 алд газар бөгөөд ойролцоогоор 520 метр юм.  Домог үлгэрүүдээс харахад л сурын харваа нь үндэстэн оршиж эхлэхэд хамт буй болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг.