Хубилай хааны үед ч хуурай сүү хийж хэрэглэдэг байжээ

Хүмүүс хуурай сүүг экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж тооцдоггүй. Гэвч үнээний цэвэр сүүний 11-12 хувьд хуурай бодис, 88-89 хувийг шингэн бодис агуулагддаг байна. Үүнийг өндөр градуст ариутгаж цэвэрлэсний дараа сүүн дэх шингэн хэсгийг ууршуулан хуурай бодисыг ялган авах замаар хуурай сүүг бэлтгэдэг.

ХУУРАЙ СҮҮ НЬ ИЛҮҮ ӨТГӨН 

Хуурай сүү нь шингэн сүүг бодвол илүү өтгөн байдаг. Тодруулбал өмнө нь дурьдсанчилан сүүн дэх хуурай бодисыг гарган авах замаар хуурай сүүг бэлтгэдэг тул шингэн сүүнд агуулагддаг усны эзлэх хувь хуурай сүүнд байдаггүй. Тиймдээ ч хуурай сүү илүү өтгөн, бага хэрэглэгддэг.

МОНГОЛЧУУД ЭРТНЭЭС ХУУРАЙ СҮҮГ БЭЛТГЭН ХЭРЭГЛЭДЭГ БАЙСАН  

Түүхийн баримтаас үзвэл Хубилай хааны үед ч хуурай сүү хийж байсан баримт байдаг. Монголын уламжлалт арга ухаанд сүүг ноосонд шингээгээд сүүдэр газар хатааж, арьс дэвсч байгаад дээр нь сэгсрэж үзэхэд дээр хуурай сүү нь тунарасан байдаг аж. Мөн Монголчууд хол аянд авч явах зориулалттай сүүгээ ширмэн тогоогоо улайсгаж байгаад хатаадаг байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, гар аргаар хуурай сүү хийгээд аянд авч явдаг байсан түүх багагүй бий. Одоо технологи хөгжсөн учраас зун сүүгээ аваад хуурай болгох боломжтой юм байна.  

 ИЛҮҮ УДААН ХЭРЭГЛЭЖ, ИЛҮҮ УДААН ХАДГАЛНА

Өмнө нь хэлсэнчлэн 1 килограмм хуурай сүү нь10 литр шингэн сүүтэй тэнцдэг учир илүү удаан хэрэглэгдэх болно. Энэ нь эдийн засгийн хувьд ч асар их хэмнэлттэй. Мөн хуурай сүү, болон сүүн бүтээгдэхүүн нь хадгалах хугацаа 6-8 сар байдаг бөгөөд халуун, хүйтэн, хуурай, сэрүүн ямар ч нөхцөлд гашилдаггүй. Энэ нь шингэн орчинд бактери хурдан үрждэг харин хуурай нөхцөлд энэхүү урвал маш бага явагддагтай холбоотой. 

ХУУРАЙ, ШИНГЭН СҮҮ АДИЛ ЧАНАРТАЙ

Жинхэнэ органик зүйл хамгийн сайн гэдэг ойлголт одоог хүргэл хэрэглэгчдийн дунд байсаар. Тиймээс сүү, сүүн бүтээгдэхүүнийг шууд малчдын гарнаас авч хэрэглэх сонирхолтой байдаг. Гэхдээ малд агууллагддаг элдэв бактери болон саах явцад үүссэн нянг устгаагүй сүүг шууд хэрэглэдэг нь бие организмд эерэгээсээ илүү сөрөг үр дагавар авчирах магадлалтайг боддоггүй. Шингэн болон хуурай сүү нь энэхүү бактерийг устган савласнаараа хэрэглэгчдэд аюулгүй хүнсийг хүргэдэг юм. Шингэн болон хуурай сүү технологийн хувьд бага зэрэг ялгаатай ч чанарын хувьд адил гэдгийг хүнсний технологичид баталдаг.