ХАНИАД ТОМУУНЫ ҮЕД ХУВЦСАА ДООД ТАЛ НЬ 50 ХЭМИЙН ХАЛУУН УСАНД УГААХ ШААРДЛАГАТАЙ

Ханиадны вирус маш олон янз байдаг. Ойролцоогоор 200 гаруй төрөл байдаг гэж судлаачид тогтоосон байдаг. Төрөл бүр нь хэлбэрээ өөрчилж, мутацад ордог учраас эмч нар тэр бүр тохирох эмийг олж бичиж чадахгүй байх тохиолдол гардаг. Иймд өвдсөн хойно нь биш өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв арга юм.

1. Хамраа дулаан байлгах хэрэгтэй

Доороосоо даарахгүй байхыг эмч нар зөвлөдөг. Харин Кардиффын их сургуулийн амьсгалын замын өвчний судалгааны төвийн профессор Рон Эклз өвөл ханиад хүрэх нь хамраа дааруулсантай холбоотой хэмээжээ. Гагцхүү энэ эрхтэн агаар дуслын замаар дамждаг вирусийн халдварын гол хаалга болж өгдөг байна. Температур буурснаар цусны эргэлт удааширч, таагүй зүйлээс организмыг хамгаалдаг байна. Тиймээс хөлөө төдийгүй хамраа ч маш сайн дулаан байлгах хэрэгтэй. Хүйтний улиралд хамраа ороолтоороо хааж, өрөө тань хүйтэн бол хөлдөө гэрийн шаахаа углаж, халуун кофе, цай уух хэрэгтэй. Мөн давстай усаар хамраа угаах нь хамарны хөндийд олон тооны нян үлдэх эрсдэлийг бууруулдаг болохыг Пенсильваны их сургуулийн судлаачид тогтоожээ. Ийнхүү хамраа угааснаар бие махбодод нян нэвтрэх боломжгүй болно.

2. Байнга гар барих хэрэггүй

Хүмүүс хоорондоо мэндлэхдээ гар барилцдаг. Харин ханиадны улиралд аль болох энэ мэндчилгээнээс зайлсхийхийг эмч нар зөвлөж байна. Гар барихдаа удаан, чанга барих тусам микроб нэг биетээс нөгөө рүү илүү дамждаг. Мэдээж алганы арьсаар дамжин нян орно гэж байхгүй, харин хүмүүс гар барьсныхаа дараа гараа амандаа хүргэж, хамар, нүдээ мааждаг. Ингэснээр нян нулимсан бүрхэвчид хүрч, халдвар дотогш тархах нөхцөл бүрддэг. Гар барилцсан хүн ханиаж, найтааж байвал гараа нэн түргэн угаах хэрэгтэй.

3. Хувцсаа халуун усанд угаа

Заримдаа бид цахилгаанаа хэмнэх гэж угаалгын машинаа бага температур дээр тааруулж, хувцсаа хүйтэн уусанд угаадаг. Харин ханиадны улиралд хувцсаа доод тал нь 40 хэмийн халуун усанд угаахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Чухамхүү ийм температурт олон нийтийн газар ханиад томуу туссан хүмүүсийн дунд байсан хувцсанд наалдсан нян үхдэг юм.

4. Амттан бага ид

Хүйтний улиралд хоолойгоо өвтгөж, хамрын ханиад тусахгүйн тулд сэтгэл санаагаа бялуу, чихэр идэх биш харин амин дэм уургаар баялаг аарц, алим, усан үзэм, цитрусын төрлийн жимснүүд идэхийг зөвлөж байна. Хүний биед амттан илүүдвэл бидний биеийн дархлааны эд нянг саатуулж, устгах чадвараа алддаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өдөрт 25 грамм буюу таваас дээшгүй цайны халбага элсэн чихэр хэрэглэхийг зөвлөж байна.

5. Найман цагаас багагүй хугацаанд унтаж амар

Эрдэмтэд судалгаагаар хоногт долоогоос бага цаг унтдаг хүмүүс наймаас дээш цаг унтдаг хүмүүстэй харьцуулбал ханиад хүрэх эрсдэл нь гурав дахин их байдаг аж. Хэдийгээр хангалттай унтсан ч шөнө тавгүйтэж хар дарвал мөн л таагүй нөлөөтэй.

6. Гарын цаас, гар ариутгагчийн оронд саван, ус хэрэглэ

Хүмүүс гараа ариутгахдаа чийгтэй гарын цаас, эсвэл гар ариутгагч хэрэглэн, гарын ариун цэвэр сахих болсон. Гэхдээ гар олон нийтийн газар бохир орчинд явсан үед эдгээр хэрэгсэл нь хамгаалж чадахгүй гэж эрдэмтэд сануулж байна. Хэдийгээр ариутгагч 80 хувь хүртэлх спиртийн агууламжтай ч ханиад, томуу үүсгэгчдийг бүрэн устган таны гарыг гүйцэд цэвэрлэж чадахгүй. Харин хамгийн найдвартай арга бол гараа савантай усаар угаах. Олон нийтийн газраар явж ирснийхээ дараа заавал гараа угааж байгаарай.

7. Д амин дэмээр баялаг хүнс хэрэглэх

Колорадогийн их сургуулийн судлаачид бие махбодод Д амин дэм хангалттай төвшинд байхгүй бол дархлааны системийг дэмждэг бодисын боловсруулалт буурдаг болохыг тогтоожээ. Энэ амин дэмийг элэг, загас, өндөг, сүү сүүн бүтээгдэхүүнээс авах боломжтой.