Халууны улиралд хүнсний бүтээгдэхүүний хадгалах горим алдагддаг тул ил задгай худалдаалж байгаа хоол хүнсийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

Халууны улиралд хүнсний бүтээгдэхүүний хадгалах горим алдагдан, хэт халах буюу гадаах орчны температур 28С-45С градуст байгаа энэ үед орчны нянгууд өсөж үржин эмгэг төрөгч хэлбэрт шилжин хэдэн арав дахин буюу геометрийн прогрессороор өсөж үржих нөхцөл бүрддэг тул нянгийн гаралтай хоолны хордлого ихсэж эхэлдэг. Ийм орчинд хүнсний бүтээгдэхүүний гадна өнгө, амт үнэрт өөрчлөлт орох, ээдэх, гашилах, хурших, хэлбэр дүрсээ алдах зэрэг физикийн шинж чанартай өөрчлөлтүүд орохын зэрэгцээ өсөж үржсэн нянгууд нь орчиндоо буюу хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс хоол хүнсээс шалтгаалсан хямрал, хордлого, хордлогот халдварт зэрэг хурц өвчин үүсдэг. Хоолны хордлого, хордлогот халдвар гарахад зарим хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд:

  • Орчны дулаан удаан хугацаагаар үргэлжилж хөрс, ус бохирлогдох
  • Хоолны газруудын ажлын байрны ариун цэвэр эрүүл ахуйн дэглэм муу байх
  • Хоол хүнсний бүтээгдэхүүн удаан хадгалж худалдсан
  • Хоол үйлдвэрлэлийн технологийг баримтлаагүй хоолыг дутуу түүхий болгосон, удаан хугацаанд бүлээн байлгасан, дахин халаасан, хоолны үлдэгдэл холисон, худалдан борлуулах хугацааг хэтрүүлсэн зэрэг технологийн зөрчил гаргасан
  • Хувь хүмүүс болон хоол хүнс эрхлэгчдийн хувийн ариун цэвэр муу байгаа зэрэг нь гол нөлөөлөх хүчин болно

Иймд дулааны улиралын онцлогтой уялдуулан хоолны хордлого, хордлогот хурц халдваруудаас урьдчилан сэргийлэхдээ:

  • Шинэ, чанартай, аюулгүй бүтээгдэхүүнээр хоолны газруудыг хангах, хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах агуулах, хөргөх төхөөрөмжөөр хангалттай хангаж бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалж, олгож байх
  • Батлагдсан хоолны цэс, технологийг зөрчихгүйгээр хоол үйлдвэрлэх, технологийн хяналтыг ахлах тогооч технологи инженерүүд тогтмол тавьж байх
  • Гуанзны ширээ сандал, тоног төхөөрөмж, сав суулга, аяга таваг халбага сэрээг өдөр тутам хоолны газрын дүрэмд заасны дагуу угааж ариутгаж байх
  • Угаалга халдваргүйтгэлийн бодис уусмал, цэвэрлэгээний алчуур, гарын саван алчуураар хангалттай хангах
  • Олноор нэг дор хооллодог ажилчдын гуанзанд гар угаах дэглэмийг сахиулах, үйлдвэр цехийн эмчийн хяналтыг сайжруулах
  • Хооллогсод нь өөрсдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөргүй хоол хүнсийг сонгож хэрэглэж чаддаг байх
  • Машинчид үйлчлэгч, засварын ажиллагсадын хооллох дэглэм, эрүүл мэндэд үйлдвэр цехийн эмч нар хяналттавьж зөвлөмж өгч, аяны хүнс ундааг цэвэр саванд авч явах нөхцөлийг бүрдүүлж өгөх
  • Хүнсний бүтээгдэхүүнийг аль болох борлуулах урсгал эргэлтийн худалдаалалт сайтай газраас сонгон авах
  • Амархан муудах кремтэй бялуун бүтээгдэхүүн, чанамал, дайвар бүтээгдэхүүнээр бэлтгэсэн хиаман бүтээгдэхүүн, майонезоор зуурч бэлтгэсэн салат зууш, халж бүлээсэн цай, ус ундаа, мэдэгдэхүйц өнгө, амт үнэр нь өөрчлөгдсөн хүнсийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 

Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Тиймээс зуны халууны улиралд наршилтаас сэргийлэхийн тулд Онцын ажилгүй бол гадуур явахгүй байхыг зөвлөлөө. Мөн гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршихгүй бөгөөд нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөхийг зөвлөж байна. Наршилтын үед дотор бачуурч нозоорох, огидос хүрэх, бөөлжих, суулгах, бага зэрэг халуурах, ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг. Мөн нүд харанхуйлж, манарах шинж тэмдэг илэрдэг байна. Дээрх шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандан үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй аж.