ДЭМБ өдөрт 8-10 аяга халуун бүлээн шингэн зүйл уухыг зөвлөж байна

COVID-19 халдварт өвчний хөл хорионы энэ үед онцгой чиг үүргийнхээ дагуу онцгой нөхцөлд оффис дээрээ ажиллаж байгаа иргэддээ өгөх зөвлөгөөг хүргэж байна. 

1.  Өрөө тасалгаанд агаар оруулах

Хүчил төрөгчийн тусламжаар эсүүд энерги үүсгэж оршин тогтнодог байна. Дархлааны эсүүдийн ажлын чадамж ч хүчил төрөгчөөс шууд хамааралтай. Тиймээс өдөр бүр хоёр цаг тутам ажлын өрөөнийхөө цонхыг нэвт онгойлгож, агаар оруулаарай.

2.  ДЭМБ өдөрт 8-10 аяга халуун бүлээн шингэн зүйл уухыг зөвлөж байна 

Дархлааг дэмжихийн тул цус шингэн байх нь маш чухал. Эс дотор үүссэн бодисын солилцооны хог шаар, үрэвслийн тулаанд үрэгдсэн эсүүдийг халуун бүлээн шингэн зүйлээр дамжуулан биеэс гадагшлуулан хөөдөг. Шээс, өтгөн, нус,  хөлс бүгд бие цэвэрлэх замууд юм. Тиймээс энэ үед аль болох халуун бүлээн шингэн зүйлсийг бага багаар уух нь чухал юм. Жишээ нь халуун аарц, шингэн хар цай, чацаргана, аньс, нэрсний шүүс, бүлээн цэвэр ус байж болно.

3.  Хөдөлгөөн

Биеийн тамир бол бие чийрэгжүүлэх маш сайн арга гэдгийг хүн бүр мэднэ. Хөдөлгөөн хийснээр маш олон ашигтай процессууд хүний биед явагддаг. Цусны урсгал түргэсэх, цус төлжиж, бодисын солилцоо сайжирдаг байна. Тиймээс өдөр цайны цагийн дараа 10-15 минут хөнгөн дасгал, хөдөлгөөнийг тогтмол хийгээрэй.

4.  Өрөө тасалгаандаа нар оруулаарай

Нарны гэрлийн нөлөөгөөр бидний тархинд серотонин гэх аз жаргалын даавар ялгардаг. Бид баяр хөөртэй байх тусам дархлаа маань дэмжигдэж, бие организм илүү тайван амгалан болж өгдөг. Иймээс өдрийн цагаар өрөө тасалгаандаа нарны гэрэл оруулаарай.

5.  Уураг агуулсан хүнс тогтмол хэрэглэх

Хүний бие бол уургаас бүтдэг. Дархлааны эсүүд ч мөн адил. Уургийн дутагдал дархлааны шинэ эсүүд үүсэхэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс уургийн агууламж өндөртэй хоол хүнс, идэх нь маш чухал юм.  Жишээ нь: мах, сүү, өндөг, шош зэрэг.