ЧАЦАРГАНА НЬ ЭМИЙН УРГАМАЛ ГЭДГИЙГ ХҮМҮҮС ЭРТ ҮЕЭС МЭДДЭГ БАЙЖЭЭ

Чацаргана нь эмийн ургамал гэдгийг хүмүүс бүр эрт үеэс мэддэг байжээ. Эртний Грект гэхэд чацарганын навч, шинэхэн нахиа мөчрөөр нь цэрэг, дайчид болон морьдоо эмчилдэг байжээ.
Эмийн шинж чанар нь чацарганын жимс, навч, үрэнд нь байдаг. Өвөл болж хүйтэрсэн ч жимс нь анагаах чанараа алддаггүй онцлогтой.
Чацаргана жимсэнд С, А, Е, К, В1, В2, ВЗ, В4, В5, В6, В9, Д, Р аминдэмүүдээс гадна алимны хүчил, каротин, тос болон төмөр, кали гээд олон бичил элементүүд агуулагддаг. Үүнээс гадна биофлавонойд хэмээх биологийн идэвхит бодис нь дахин боловсруулсны дараа ч сайн хадгалагдаж үлддэг байна.

Ардын уламжлалт анагаах ухаанд чацарганын навчаар үе мөчний өвчнийг анагаадаг бол аминдэмийн дутагдлын өвчний үед чацарганын шүүс, сироп, тосыг эмчилгээнд хэрэглэдэг. Мөн чацарганын тос, чацаргана нь зүрх судасны өвчин, улаан хоолойн шарх, арьсны хөлдөлт, түлэгдэл, үрэвсэл, ходоодны хүчил багадах, гэдэс булчингийн хөдөлгөөний идэвхижүүлэлт, ходоодны болон бусад шархыг анагаах, цацраг идэвхит туяа, химийн хордолт, биеийн чалх буурах зэрэг гуч гаруй төрлийн өвчнийг анагаах чадвартай байдаг.

- Ходоодны шарханд чацарганын тосыг өдөрт хоёроос гурван удаа цайны нэг халбагаар уувал сайн.
- Ходоодны хавдрын үед чацарганын жимсийг хоолны халбагаар өдөрт гурваас дөрвөн удаа идэж байх хэрэгтэй.
- Зүрх судасны өвчин, үе мөчний өвчний үед чацарганын навчны ханд, эсвэл цайг уух хэрэгтэй.
Хандыг бэлтгэхдээ: Нэг хоолны халбага чацарганын хатаасан навчийг нунтаглаад нэг стакан усанд хийж арван минут буцалгана. Тал стаканаар өдөрт хоёр удаа уух хэрэгтэй. Харин цайнд таван грамм навчийг нэг стакан буцалсан усанд хийж хандалж уугаарай.
- Шинэхэн жимс болон шүүсийг ходоодны хүчил ихтэй, ходоодны шархтай хүмүүс ууж хэрэглэж болохгүй.
- Шээсний замын эрхтнүүд чулуутай үед чацарганын шүүс уухыг хатуу хориглодог.